Энэ үг өөрөө маш их айдас дагуулдаг үг л дээ. Бид өөрсдөө ч очиж үзээгүй, хэрэг хийгээгүй байж л энэ танхимд орно гэдэг нь хамаг зүйл дуусаж байгаа мэт хачин их жихүүцдэг билээ. Гэхдээ яагаад энэ үгнээс ингэтлээ их айна вэ? Хараагүй, мэдрээгүй зүйлээсээ анхнаасаа айдаг байсан гэж үү? Үгүй л болов уу? зүгээр л бидний ойр тойронд өрөнд ороод шүүхэд очсон, өр зээл тавиад шүүхийн шийдвэр гэрийг нь битүүмжилсэн гэж хэдэнтээ сонссон учраас энэ шүүх гэдэг бол хэцүү газар гэж боддог болсон байж магад.
Би цалингийн зээл аваад 3 сар төлөлтөө хийж чадсангүй. Яг үнэндээ буруу ажилласнаасаа болоод санхүүгийн хямралд орчихсон юм. Санхүүгийн хямралд орсноосоо болоод зээлээ төлж чадахааргүй болсон. Энэ бол одоогийн миний нөхцөл байдал.
Гэвч би зугтаахгүй, залилахгүй, бас нэмж өр тавихгүй. Би ажиллаж байж, орлоготой болж байж өрөө дарах л болно. Санхүүгийн сахилга батгүй, ирээдүйн эрсдлийг тооцож үзээгүй гэнэн алдаагаа би өөрөө засах л болно. Тиймээс би заавал маш сайн стратеги төлөвлөгөөтэй алхам алхмаар урагшилж, хэцүү байдлаасаа гарах л болно.
Банкнаас шүүх рүү шилжүүлсэн гэсэн чинь сэтгэл санаа амраад ч байх шиг хачин сонин мэдрэмж. Банкны ажилтнуудыгаа хэцүү байдалд оруулсандаа үнэхээр их харамсаж байна. Уучлаарай, та нар ажлаа л хийж байгаа хүмүүс учраас ингэж шилжүүлэх нь зүйн хэрэг шүү.
Ямартаа ч би орлого олсон үеэсээ зээлээ төлөх л болно. Надад өөр сонголт байхгүй ээ. Харин сайн ажиллах болно. Шүүх дээр очоод ямар байхыг мэдэхгүй ч хариуцлагаа би хүлээх л болно. Шорондоо ордог ч уу байна уу хамаагүй, би худгийнхаа ёроолд унаж үзлээ. Хүн гэдэг амьтан мөнгөгүй болоод үхдэггүй юм байна, итгэл үнэмшилгүй үедээ үхдэг байх өө. Миний айдас мөнгөгүй л бол үхчих байх гэж бодож сэтгэдэг байсан хүн л дээ. Айдсаа өөртөө бий болгосон бусдын хайрцгаар сэтгэсэн хүн байж. Одооноос би өөрийнхөө арга барилаар ажиллах болно.
Өр зээлнээсээ ч гарна, өндөр амжилтын тайзан дээр ч алхах болно.