Сонин шүү, Ямар гээчийн толь болохоороо царай харуулдаггүй билээ? Би сургуулийн болон үйлчилгээний газрын том толинд өөрийгөө харахаар өөр царайтай, миний төсөөлж боддог надаас өөр бодгаль нүдэнд тусахаар өөрийн эрхгүй нүд дальдчаад хурдхан л тэр тольноос холддог байлаа. Байнга явах болбол аль болох толь руу харахгүйгээр явдаг байв. Ер нь бол одоо ч гэсэн би тийм л зантай, би зөвхөн гэрийнхээ толинд л харах дуртай, надад тухтай сайхан байдаг. Яагаад толинд харахаар ингэтлээ их цочин зугтдаг юм бол гэж зөндөө тунгаан бодлоо. Яахав хүмүүсийн хэлдгээр олон хүний энерги шингэсэн, сайхан, муухай бүхий л зүйл ямар ч шүүлтүүргүйгээр тэнд үлдээд бидэнд шууд бусаар нөлөөлдөг ч юм билүү? Эсхүл аль нэг өөр гаригийн нэг хүн зүгээр гэрээсээ хардаг цонх нь ч юм билүү, За дэлхийн хүмүүсийн амьдралаар нэг өнгийгөөдөхье гээд баахан толь руу харж суудаг ч юм билүү? Яг л бид рийлс скролдож үздэг шиг... Эсхүл Өөрөөсөө өөр хүн бүтээчихээд бусдад таалагдах гэж олон өнгийн маск зүүчихээд түүнийгээ харахаас ичээд зугтаадаг ч юм билүү? Ингээд бодохоор сүүлийнх нь оносон мэт. Би өөрийгөө өнгө, мөнгөний зовлонгүйгээр амьдрах юм шиг сэтгэж, үзэсгэлэнтэйгээр мэдэрч, бүхнийг чаддагаар, энэ хорвоод би л амьдарч байгаа юм шиг төсөөлж, олон олон адал явдал дундаас эрэлхэгээр тодрон гарч ирээд л, хорвоогийн бүхий л хүмүүст хүссэнээрээ тусалж, хязгааргүй орчлоор үхэхгүй юм шиг дэвж, дэргэж яваа юм шиг төсөөлдөг байв .. Энэ л төсөөлөлдөө умбаад явж байхад толинд харагдах дүр миний төсөөлснөөс өөр байгаад хачин их гайхна. Бүхнийг чаддаг биш чаддаггүй зүйл ихтэй, өөрийгөө хамгаалах зориггүй тул тэмцэж, тэрсэлдэж ч чадахгүйгээр хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, нас ахих тусам өөрчлөгдөж буй царайгаа харж ганихраад, мөнгөгүй бол үхчих юм шиг сэтгээд яг бодит амьдрал дээрээ төсөөлж байснаасаа өөрөөр амьдрах л ямар хэцүүг харах, үнэнтэйгээ нүүр тулах бүрт зугтаамаар хачин гэмтэй мэдрэмж, яг хэзээнээс ийм болчихвоо?? Олон мэдээлэл, олон хайрцаг, олон маскан дунд өөрийгөө алдатлаа хорвоогоор бэдэрлээ. Өөрийн бодож байгаагаас өөр хүнийг өөрийн эрхгүй бүтээгээд нийгмийн шаардлагад нийцүүлж өөрийгөө эвдээд, бусдад таалагдахын тулд хүсээгүй зүйлдээ үгүй ч гэж хэлж чадахааргүй жижгэрч, юу хүсэж мөрөөддөгөө мартатлаа өөрөөсөө холдоод, аз жаргал гэдгийг алсаас хайж гүйж байхдаа сохорчихсон учраас толинд тусах миний дүр тэс ондоо болж хувирах нь аргагүй юм даа.