Сэтгэл зүйгээ удирдаж, сэтгэлийн хаттай болох нь энэ сарын миний гол зорилго байсан юм. Гэтэл хэдхэн өдрийн өмнө үнэхээр том, хүнд асуудалтай нүүр туллаа. Дунд охиныг маань "хордлого авсан юм шиг бөөлжөөд байна" гээд аав нь эмнэлэг авч явав. Дүүргийн эмнэлэгт рингэр дусал залгаж "Эмэнд хордсон байж магадгүй, Эх нялхас руу яаралтай оч" гэж хэлснээр би ч ажлаасаа шууд Эх нялхас руу давхин очлоо. Намайг очиход охины минь ходоодыг хэдийн угаачихсан, ходоод угаалгасан нүүрсэн эмээрээ бөөлжөөд ам, хамар нь хар эрээн, бие нь ямар ч мэдрэлгүй сул унжчихсан байв. Зүрх нь хурдан цохилоод л... Төд удалгүй дүү нь бас хордлогын шинжтэй ирж хэвтлээ. Эгчийгээ бодвол шинж тэмдэг арай бага ч айдастай байв. Тархинд "Хүүхдээ алдчихвал яана аа..." гэдэг хамгийн муухай бодол зай завсаргүй орж ирсэн. Энэ бол ээж хүнд үнэхээр зүрх зүсэм, аймшигтай мэдрэмж. Гэвч өнгөрсөн өдрүүдэд хийсэн дадал маань намайг аль хэдийн програмчилчихсан байжээ. Өглөөний дадлаараа сонссон "Бодлынхоо оролтыг удирдах ёстой" гэдэг хичээл тархинд "зурс" гээд л орж ирэв. Эх хүний сэтгэл зүй, бодол санаа хүүхдэд шууд нөлөөлдөг шүү дээ. Би сандарч орилон, хэн нэгнийг буруутгаж сэтгэлээ хямраахын оронд охиныхоо хажууд аль болох тайван байж, үлдсэн бүх энергиэ залбирал ба эерэг бодолд зориулсан. Муу бодол орж ирэх бүрт тэр хичээлийн зааврын дагуу шууд таслан зогсоож байлаа. Сүүлийн 20 хоног өөртэйгөө ажиллаж, тархиа дасгалжуулсны хүчинд би энэ том айдсыг сөрж, бодлоо ухамсартайгаар удирдаж чадсан юм. Өглөөний дадал гэдэг энгийн үйлдэл мэт боловч, амьдралын хүнд үед сэтгэлийг минь тогтоон барих тулгуур, итгэл найдвар болдог юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ. Одоо охидын маань бие сайжирсан тул өөрийн мэдрэмжийг хуваалцаж байгаа юм шүү. 📌Санамж: - Эм, аюултай зүйлсийг далд хийх: Бага насны хүүхэдтэй бол эм болон бусад аюултай зүйлсийг хүүхдийн гар хүрэхээргүй заавал далд байлгах (боломжтой бол гэртээ хадгалахгүй байх). - Анхаарлаа бүү сулруул: Хүүхдээс анхаарлаа нэг ч хором бүү холдуулаарай. Хүүхэд ердөө 3-хан секундийн дотор л эрсдэлд ордог.